Уртын дуу дуулаачдын улсын уралдааны "Гран-При" шагналыг 20 сая төгрөг дагалдана
Чихэнд чимэгтэй
2024-09-02
ХХ зууны алдарт уртын дуучин Жигзавын Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улсын уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уртын дуу дуулаачдын уг уралдааныг Нийслэлийн Засаг даргын ивээл дор "Ж.Дорждагва сан"-тай хамтран зохион байгуулах юм байна. Уралдааны "Гран-При" шагналтан Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал буюу 20 сая төгрөг олгоно. Уралдаанаар гурван зэрэглэлийн шилдгүүдийг тодруулах бөгөөд А зэрэглэлд мэргэжлийн дуучид, мэргэжлийн сургуулийн III, IV дамжааны оюутнууд өрсөлдөх бол Б зэрэглэлд ардын авьяастан, мэргэжлийн сургуулийн нэг, хоёрдугаар түвшний оюутнууд өрсөлдөх ажээ. Харин В зэрэглэлд өсвөрийн уртын дуучид буюу 17 хүртэлх насны дуучид өрсөлдөж, тус тусын ялагч нь "Ж.Дорждагва сан"-гийн нэрэмжит тусгай шагнал хүртэнэ. Мөн энэ уралдаанаар Уртын дууны холбооны нэрэмжит шагналтан болон шилдэг хөгжимчнийг шалгаруулах юм байна. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Ж.Дорждагвын аав Жигзав хүүхдүүддээ "Түмний эх", "Хуурын магнай", "Өвгөн шувуу", "Уяхан замбуу тивийн наран" зэрэг дууг дуулж өгдөг, нутагтаа нэртэй уртын дууч, морин хуурч, лимбэчин байжээ. Ж.Дорждагва Гандантэгчэнлин хийдэд дацангийн голч лам, Түүхий эдийн баазад эд шалгагч, Хэвлэх үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байгаад уртын дууны багшид шавь орсон байна. Улмаар амьдралынхаа 50 жилийг дуу хөгжимд зориулан Улсын төв театр, Ардын дуурь бүжгийн чуулган, Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, дуучнаар ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.